Youth mappers 2022 хөтөлбөрөөс онцлох нь

Нээлттэй эх үүсвэр бүхий газрын зураг (OSM)-ийн технологийг ашиглан сайн дурын газарзүйн мэдээлэл (VGI)-ийн хэрэглээг бий болгох зорилгоор “YOUTH MAPPERS 2022” ДАДЛАГАЖИГЧ богино хугацааны хөтөлбөрийг Андореан ХХК, Мэдээлэл, технологийн үндэсний парк болон Монголын тандан судлаачдын холбооны дэмжлэгтэйгээр гурав дахь жилдээ  Монголын Гео Мэдээллийн холбоотой хамтран зохион байгуулсан билээ.

Хөтөлбөрт нийт 4 их сургуулийн 30 оролцогч 6 баг оролцсон бөгөөд тэд 3 долоо хоногт openstreetmap ашиглан нээлттэй орон зайн өгөгдөл цуглуулж  сонгосон сэдвийн хүрээнд өгөгдөл цуглуулж, дүн шинжилгээ хийн танилцуулсан нь энэ удаагийн хөтөлбөрийн онцлог байлаа.

 Хөтөлбөрийн хүрээнд нийт 872 785 өгөгдлийг openstreetmap дээр цуглуулжээ.

Багуудын openstreetmap дээр цуглуулсан орон зайн өгөгдөл ашиглан хийсэн дүн шинжилгээтэй танилцана уу.

АME: ЭМИЙН САНГИЙН ХҮРТЭЭМЖ

Сонгинохайрхан дүүргийн 11 хороонд байрлах нийт 37 эмийн санг opensteetmap дээр тэмдэглэсэн бөгөөд эмийн сангууд нь эмийн санд тавигдах нийтлэг шаардлага MNS:5260 2015 нийцэж байгаа эсэхт дүн шинжилгээ хийсэн.

Сонгинохайрхан дүүргийн 11 хорооны эмийн сангийн үйлчилгээний хүртээмж газар нутаг, хүн амд хангалттай хүрэлцээгүй. Тус хороодын ихэнхи эмийн сангууд стандарт шаардлага хангаагүй байна гэж дүгнэжээ.

THE ACES: НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙ

Баянзүрх дүүргийн 28, 8, 9, 10, 12, 16, 17, 19, 20, 23, 24-р хороо хамаарагдах хэсгийг сонгон авч хүүхдийн тоглоомын талбай, спорт талбай, амарч суух талбай буюу цэцэрлэг хүрээлэнг зурагласан. Тус хороодод нийт 0-19 насны 21 мянга хүүхэд байна. Нийтийн эзэмшлийн зам талбайн хүртээмж ямар түвшинд байгааг харуулсан ба дэлхийн стандартаас 6 дахин бага байна.

Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмээр нэг хүүхдэд 0.7 м.кв тоглоомын талбай ногдох ёстой. Мөн 100,000 хүн тутамд 1.6 км.кв парк, 50 ширхэг хүүхдийн тоглоомын талбай байх ёстой бөгөөд 0.4км.кв талбайтай байна. Гэтэл иргэдийн амьдрах орчинд нь хамаатай энэ мэтийн олон стандарт нээлттэй биш байна.

“Манай сургуулийн ойр хавьцаа хэд хэдэн тоглоомын талбай бий. Гэхдээ нэг нь л сагс тоглох боломжтой, бүрэн бүтэн самбартай байдаг. Тэнд ахиад өөр сургуулиуд байдаг учир байнга сул чөлөөтэй байна гэж үгүй. Сургуулиас ордог биеийн тамирын хичээлийн 40 минутанд хальтхан тоглохоос өөр дасгал хөдөлгөөн хийх боломж хомс байдаг. Манай дүү зургаан настай. Хичээлийн бус цагаар нь гадаа тоглуулах гэхээр олигтой тоглоомтой талбай байдаггүй. Бас архичин хүмүүс цуглаад суучихдаг тул дүүгээ ганцааранг нь тоглуулж чаддаггүй. Бидэнд чанартай, сонголттой тоглоомтой, аюулгүй байдал хангасан тоглоомын талбай хэрэгтэй байна. Зөвхөн бага насны хүүхдүүд л гадаа тоглодоггүйг томчууд ойлгох хэрэгтэй байна”

Баянзүрх дүүргийн 87-р сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч Б. Д

NUMFUTURE: АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ОРЦ ГАРЦ

Аюулгүй байдал орц гарц сэдвийн хүрээнд 3 дүүрэгт openstreetmap дээр зам зураглаж замын хучилтын ангилалын тэмдэглэсэн. Мөн мухар гудамж буюу noexit тэмдэглэгээг тэмдэглэсэн.

Сонгинохайрхан дүүрэг (43-аас 25 хороо) Нийт хүн ам-341540 Газар нутгийн хэмжээ-1,200.6км

Баянгол дүүрэг (25-аас 7 хороо) Нийт хүн ам-236385 Газар нутгийн хэмжээ-29.5км2

Чингэлтэй дүүрэг (19-өөс 9 хороо) Нийт хүн ам- 150548 Газар нутгийн хэмжээ-89.3км2

Замын хучилтыг ангилан авч үзвэл 30% нь хучилттай зам, 70% нь шороон зам байна.

NoExit буюу мухар гудамж 1162 байна.

Мөн гудамжны стандарт өргөн хангагдахгүй гудамжууд байгааг зургаас харж болно.

“Баянзүрх дүүргийн гэр хорооллын зам хамгийн замбараагүй. Бид түргэн тусламжинд гарах үедээ гурван дуудлага зэрэг авсанаас хамгийн гэмтэл ихтэй байж болзошгүй хүнд зодуулсан гэх дуудлагын дагуу “ Дэнжийн мянга”-ыг зорисон. Хотын түгжрэл дундаас дохиогоо асаан, урсгал сөрөөд гарсан ч гэсэн гэр хорооллын замаар явах илүү төвөгтэй. Манай гэр хорооллын хаягжилт ямар замбараагүй билээ. Булгийн 20-ийн 135 гэхэд дотроо хэд задраад явчихна. Жолооч нар нь дуудлаганд байнга явдаг болохоор багцаалдсаар тухайн айлдаа дөхөөд оччих юм. Гэр хорооллын мушгиралдсан гудамжнаас хэрэгтэй айлаа үтэр түргэн хайж олно гэдэг өвсөн дундаас зүү эрэхтэй адил. “Бид цаг алдахгүйн тулд утасны дугаарыг нь аваад ярьчихдаг юм. Ингэж байж айлдаа хурдан очно”

                                                               – 103-ын жолооч Т.Б

НЭГДЭЛ: АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ОРЦ ГАРЦ

Уаанбаатар хот , Хан-Уул дүүргийн 4-10 болон 16 дугаар хорооны 18 шоо км нутаг дэвсгэрийг хамарсан. Тухайн бүс нутаг нь нийт 15812 өрхийн 60000 оршин суугчидтай.

Замын сүлжээний дийлэнх хэсгийг гэр хорооллын гудамж, зам эзэлж байна. Нийт авто замын 116.8 км буюу 87% шороон зам байгаа бол, 16.9 км буюу 13% нь хатуу хучилттай стандарт зам байна.

Гэр хорооллын гудамжууд нь өргөний хэлбэлзэл ихтэй байгаа бөгөөд, энэ нь 4.5 – 13 метр хооронд хэмжээтэй байна. Нисэх – Яармаг гэр хорооллын гудамны дундаж өргөн 7-7.5 метр байна. Энэ нь ихэнх гудамжинд аюул ослын үед галын машины ( энгийн галын машин 7.6 м урт) эргэх ухрах явцад хүндрэл учруулах магадлалтай байна.

Гарцгүй 143 гудамж байна. Үүн дээр тооцвол нийт 850 гаруй өрх айл зөвхөн нэг талдаа гарцтай байна. Энэ нь нийт өрхийн 5% юм.

Та бүхэн нэгдэл багийн танилцуулгатай энэ линкээр орж бүрэн танилцах боломжтой.

LIMIT-X:НОГООН БАЙГУУЛАМЖ

Лимит-X багийхан сэтгэл судлалаар суралцдаг бөгөөд тэд хөтөлбөрийн явцад олж авсан мэдлэгээ хэрхэн мэргэжилтэйгээ холбох, улмаар энэ чиглэлийн судалгаан дээр орон зайн дүн шинжилгээ хийх боломжуудын талаар бидэнтэй хуваалцсан.

Чикагогийн Нийгмийн эрүүл мэндийн газраас 6405 оршин суугчдаас цуглуулсан сэтгэцийн эрүүл мэндийн мэдээллийг ашиглаж, “ландшафт” доторх ногоон байгууламжийн хэмжээ, тохиргоотой холбоотой тоон үзүүлэлтүүдийг ашиглан хотын ногоон байгууламжийн хэмжээ, бүтэц, орон зайн тархалт болон томоохон хотын (АНУ, Чикаго, Иллинойс) оршин суугчдын мэдээлсэн сэтгэл зүйн хямралын түвшин хоорондын хамаарлыг судлан үзэхэд жижиг хэмжээний усан сан бүхий хотын ландшафтуудтай оршин суугчид сэтгэл зүйн хямрал багатай байдаг гэсэн үр дүн гарчээ.

pH:НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙ

Онцлог: Орон сууц, гэр хороолол, зуслан

Баянзүрх дүүрэг (2,4,5,15,16,17,18,20,21,22,27) хороо хамаарагдах талбайд хүүхдийн тоглоомын талбай 3, тоглоомын талбай 5, парк 7 openstreetmap дээр зурагласан. Орон сууц, гэр хороолол, зуслангийн хэсэг багтана.

MNS 6751:2019 “хүүхдийн тоглоомын талбай ерөнхий шаардлага ” стандарттай харьцуулж үзэхэд ихэнх зүйл шаардлага хангахгүй байсан ба цөөн тоотой байсан. Жишээлбэл: Хүүхдийн тоглоомын талбайн 20% нь ногоон байгууламж байх ёстой. Цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд: Хэдий 7 гэж зурагласан ч эдгээр нь тав тухгүй, суух суудал багатай байсан.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *