Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш болжээ. Аймгийн төвүүдэд очиход хамгийн түрүүнд анзаарагдсан зүйл бол агаарын бохирдол байлаа. Өглөө, оройдоо цонхоо онгойлгохын аргагүй байв. Газарзүйн байрлалын хувьд нам дор байрласан, гэр хорооллын нүүрсний хэрэглээ, авто машины утаанаас гадна аймгуудад шинээр баригдаж буй орон сууцуудыг халаадаг нам даралтын зуух зэргээс үүдэж агаарын бохирдол эрс нэмэгдэж буй тухай орон нутгийн иргэд ярьж байв.
Эдгээрээс нэг сонирхол татсан зүйл нь газарзүйн тогтоц байсан юм. Аймгуудад уулзсан хүмүүс “Манайх уулаар хүрээлэгдсэн учраас утаа нь эндээ тогтчихдог юм. Суурин газар байгуулахдаа өвөлжөө сонгодог шигээ уулын нөмөр бараадуулаад сонгочихсон байх” гэх нь үнэний ортой санагдав. Иймд аймгуудын газарзүйн тогтоцыг харах зорилгоор өндөршлийн зургийг хийж, агаарын бохирдол газарзүйн байрлалтай уялдаа холбоотой эсэхийг туршиж үзэхээр шийдсэн юм..
Уулархаг суурин газруудад температурын инверс тогтмол ажиглагддаг бөгөөд өвлийн улиралд агаарын бохирдол үүсгэдэг. Тропосфер буюу дэлхийн агаар мандлын доод үе давхаргад газрын гадаргаас дээш хөөрсөн агаар эзлэхүүнээ тэлж температур нь буурдаг ерөнхий зүй тогтолтой боловч зарим тохиолдолд эсрэг байдал үүсч өндөр лүүгээ агаарын температур нэмэгдэх явцыг температурын инверс гэдэг. Температурын инверс зөвхөн Улаанбаатарт гэлтгүй манай орны бусад хэсэгт ч ажиглагддаг (өвөл баруун зүгийн нутгаар 15-20°С, 1500-2500 м хүртэл) учраас бусад аймаг, суурин газруудад ч агаарын бохирдлын асуудал бий болж байна. Бохирдуулагч үүсвэрээс гарсан утаа температурын инверсийн улмаас тунаран тогтож, хот суурингуудад агаарын бохирдлыг нөхцөлдүүлэгч болно (1).